Бүлэг:Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг нь байгалийн баялаг, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбаруудад үндэслэсэн бүтэцтэй. Улсын эдийн засагт байгалийн баялаг, ялангуяа уул уурхайн салбар голлох үүрэгтэй боловч хөдөө аж ахуй нь хүн амын амьдралын чанарт чухал үүрэг гүйцэтгэдэг уламжлалт салбар юм. Энэхүү салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10-15 орчим хувийг, нийт ажиллах хүчний 25-30 орчим хувийг тус тус эзэлнэ. Хөдөө аж ахуйн салбарын 80-90 хувийг эзэлдэг мал аж ахуй нь хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдийг ханган нийлүүлэх үндсэн эх үүсвэр болохоос гадна боловсруулах салбар болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжиж, тогтвортой хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Манай орны мал аж ахуйд нүүдлийн уламжлалт арга зонхилдог. Нүүдлийн амьдралын хэв маяг нь олон зууны туршид байгаль, цаг уурын онцлогтой уялдан хөгжсөн монголчуудын өвөрмөц соёлын илэрхийлэл юм. Өнөөг хүртэл хөдөө нутгийн малчдын ахуй амьдралд зонхилох байр суурийг эзэлсээр байгаа энэ хэв маяг нь зөвхөн аж төрөх хэлбэр бус байгальтай харьцах хандлага, хөдөлмөрийн зохион байгуулалт, амьдарлын ухаан, нийгмийн харилцааны өвөрмөц байдал зэрэг олон талт онцлогийг өөртөө шингээсэн байдаг. Малчин ард түмэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг нарийн ажиглан, өвөлжилт, хаваржилтыг урьдчилан тооцоолон зохицуулах арга барилыг бий болгосон нь амьдралын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үеийн малчид уламжлалт аж ахуйгаа хадгалж үлдэхийн зэрэгцээ амьдралын чанараа сайжруулах шинэ арга замуудыг эрэлхийлж, технологийн дэвшлийг идэвхтэй ашиглаж байна.
Газар тариалангийн салбар нь манай улсын хүн амыг эрүүл мэндэд хоргүй, чанартай, баталгаат хүнсээр хангах гол салбар бөгөөд хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах үндсэн суурь нь болдог. Энэхүү салбар нь хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг бүрдүүлэхээс гадна, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудтай холбоотой шинэ ажлын байрыг бий болгож улмаар дотоодын хүнс үйлдвэрлэх замаар импортын тэнцвэргүй байдлыг бууруулж, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулдаг.
Монгол Улсын дэд бүтцийн хөгжил нь тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг олон салбараас хамаардаг. Өргөн уудам нутгийг сүлжин байх авто болон төмөр зам нь тээврийн салбарт жинтэй байр суурь эзэлнэ. Авто замын сүлжээ нь улсын ба бүс нутгийн хөгжил, эдийн засаг, нийгэм, аюулгүй байдал зэрэг олон салбарт чухал ач холбогдолтой. Харин төмөр замын дэд бүтэц нь экспорт, гадаад худалдаанд чухал үүрэгтэй. Эрчим хүчний салбар нь нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь болдог бол харилцаа холбооны салбар нь орчин үеийн нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт болон иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм.
Гадаад харилцаа нь манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн салбар мөн. Монгол Улс хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж, үүний зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэн, дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Энэхүү бүлэгт Монгол Улсын эдийн засгийн зарим үзүүлэлттэй холбоотой 14 зураг хамаарах бөгөөд зургуудаас манай орны мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, гадаад харилцааны талаар ерөнхий ойлголт авах боломжтой.