Бүлэг:Газар зүйн байрлал, газар дүрсийн зураг
Монгол Улсын газар зүйн байрлал
Масштаб: 1:70 000 000
Зураг үзэх
Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймаг
Масштаб: 1:2 000 000
Зураг үзэх
Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймаг
Масштаб: 1:2 000 000
Зураг үзэх
Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Улаанбаатар хот
Масштаб: 1:2 000 000
Зураг үзэх
Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймаг
Масштаб: 1:2 000 000
Зураг үзэх
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг
Масштаб: 1:2 000 000
Зураг үзэх

Монгол Улс нь Ази тивийн төв хэсэгт өргөргийн дагуу сунаж байрласан бөгөөд хойд өргөргийн 41°35'-52°09'-ийн, зүүн уртрагийн 87°44'-119°56'-ийн хооронд 1,564,116 км² талбай бүхий газар нутгийг эзлэн оршдог нь дэлхийн хуурай газрын 1 хувь орчимтой тэнцэнэ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19, Ази тивд 7, далайд гарцгүй улсууд дунд 2 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус эзэлнэ. Хилийн зурвасын нийт урт нь 8252.6 км, үүнээс БНХАУ-тай 4709.6 км, ОХУ-тай 3543 км урттай газар нутгаар тус тус холбогдоно.
Монгол орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн 4374 метр (д.т.д), хамгийн нам цэг нь Дорнод Монголын тал дахь Хөх нуурын хотгор 562 метр (д.т.д) юм. Улсын баруун, зүүн цэгийн хооронд 2392 км, хойд, урд цэгийн хооронд 1259 км зайтай бөгөөд хамгийн баруун захын цэг Алтайн нурууны Мааньт уул, зүүн захын цэг Соёлз уулын Модот хамар, хойд захын цэг Соёны нурууны Монгол шарын даваа, өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Орвог гашууны Бор толгой болно.
Тус улсын нутаг дэвсгэр Сибирийн сэрүүг бүсийн ойт тайгаас Төв Азийн говь цөлийн бүсэд шилжих шилжилтийн мужид, умард зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хуурай уур амьсгалтай газарт оршдог. Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь далайн түвшнөөс 1000 гаруй метр өндөрт орших ба гадаргын өндөр нь баруунаас зүүн зүг рүү буурсан зүй тогтолтой. Нутгийн баруун талаар далайн түвшнээс 2500-3500 метр өргөгдсөн Монгол Алтай, түүний үргэлжлэл Говь-Алтайн нуруу байдаг бол бараг төв хэсгээр 2000-2500 м өндөр Хангайн нуруу, хойд хэсэгт Хөвсгөлийн уулс, зүүн хойд хэсэгт Хэнтийн нуруу оршдог. Харин зүүн ба өмнөд хэсэг 1000-1500 метр өндөртэй Дорнод Монголын тал, нам уулс, цав толгод бүхий говь нутгаас бүрдэнэ. Уулсын өндрөөс дурдвал, Хангайн нурууны Отгонтэнгэр (4008 м), Соёны нурууны Мөнх сарьдаг (3491 м), Хэнтийн нурууны Асралт хайрхан (2799 м), Монгол орны зүүн өмнөд хязгаар Дарьгангын нутагт орших Шилийн богд (1778 м) зэрэг байна. Янз бүрийн хэлбэр дүрстэй, өндөр ба нам уулс, ухаа гүвээ, цав толгод өргөн уудам тал, хөндий, хотгор хосолсон ой, тайга, хээр, говь, цөл бүхий манай улсын газрын гадарга далайн түвшнээс дээш дунджаар 1580 метр өргөгдсөн нь байрлалын нэгэн онцлог юм.
Монгол улсад хүн ам тархан суурьшихад газар зүйн байршил, байгаль орчин, уур амьсгалын онцлог, түүхэн уламжлал, дэд бүтцийн хөгжил, нийгэм эдийн засгийн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөөр ирсэн байдаг. Мөн дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсэд, далайгаас алслагдан, өндөр газарт оршдог тул 4 улирлын ялгаа маш тод ажиглагддаг. Энэ нь хүн амын нутагшил, амьдралын хэв маягт нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг нь болдог.
Энэхүү бүлэгт Монгол Улсын газар зүйн байрлал болон аймгуудын газар дүрсийн 5 зургаас гадна, эх дэлхийг зайнаас тандан судлах зориулалт бүхий Ландсат хиймэл дагуулын олон сувгийн мэдээг ашиглан хийсэн манай орны сансрын зураг багтана. Эдгээр зургуудыг манай орны газарзүйг сонирхон судалдаг эрдэмтэд, судлаачид, их, дээд сургуулийн багш нар, оюутнууд, сурагчид болон уншигч олон Монгол орны газар дүрсийн онцлогийн талаар үндсэн мэдлэгтэй болох болон бататгах байдлаар ашиглаж боломжтой.