Бүлэг:Байгалийн нөхцөл, нөөц

Illustration

Монгол орны байгалийн нөхцөл нь түүний газарзүйн байршил, уур амьсгалын онцлог, геологийн тогтоц, геоморфологийн хувьслын үр дүнд бүрэлдэн тогтсон, олон янзын экосистем бүхий цогц бүтэцтэй. Азийн төв хэсэгт орших манай улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг өндөрлөг нутаг эзэлдэг бөгөөд уул нуруу, говь хээр, элсэн манхан, хотгор гүдгэр, нуур голууд зэрэг байгалийн өвөрмөц хэлбэрүүд нь ихэнх монголчуудын бахархал болоод зогсохгүй, гадаадын олон судлаачид, жуулчдын сонирхлыг татсаар ирсэн байдаг.

Манай орны геологи нь олон төрлийн геологийн бүтэц, чулуулгийн бүрдэлтэй, эртний тектоник үйл явцын үр дүнд бүрэлдэн тогтсон бөгөөд дэлхийн геологийн хөгжлийн түүхэнд чухал байр суурь эзэлнэ. Геологийн тогтоц нь металл болон металл бус ашигт малтмал үүсэхэд маш тохиромжтой нөхцөл бүрдүүлсэн байдаг. Дэлхийн хэмжээний “Оюу толгой” зэс, алтны орд, үйлдвэр Өмнөговь аймагт байрладаг бол “Эрдэнэт үйлдвэр” нь улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг зэс, молибдений олборлолтын төв юм.

Монгол орон эртний амьтан, ургамлын олдворуудаар нэн баялаг. Монголын говь, ялангуяа Баянзаг, Нэмэгт, Гурвантэс, Төгрөгийн ширээ, Ухаа толгой зэрэг газруудаас олон төрлийн эртний амьтад, ургамлын чулуужсан олдворууд илэрсэн нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр, шинэ нээлт гарах нөхцөлүүдийг бүрдүүлсэн.

Монгол Улс нь усны нөөц харьцангуй бага боловч, нэг хүнд ноогдох усны хэмжээгээр дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэнэ. Газар нутгийн байршил, байгаль, уур амьсгалын нөхцөл байдал зэргээс шалтгаалан гадаргын болон гүний усны нөөц нь харилцан адилгүй тархсан байдаг. Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн, Онон зэрэг томоохон гол мөрөн нутгийн хойд, төв, зүүн, зүүн хойд хэсгээр урсдаг бол Хөвсгөл, Увс, Хяргас, Буйр зэрэг нуур тус орны хойд, баруун, зүүн хэсгүүдэд оршино.

Манай орны цэвдэг нь Алтай, Хангай, Хэнтий нурууд болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ихэвчлэн тархсан байдаг бөгөөд усны эх бүрдэх газар, ой сан, хөрсний тархалтын онцлог шинж чанартай холбогддог. Манай орны хөрс олон янз ба уулын тундрын хөрснөөс хэт гандуу цөлийн борзон хөрс хүртэл дэлхийн сэрүүн бүсэд байдаг ихэнх төрлийн хөрс бий. Ой нь Сибирийн тайга, Төв Азийн хээр, цөлийн торгон заагт голдуу тархан ургаж, гол, мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, цөлжилтийг сааруулах зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.

Монгол орны ургамалжил нь уур амьсгал, газарзүйн байршил, хөрсний төрөл зэрэг олон хүчин зүйлээс хамааран олон янз бөгөөд бүс нутгаасаа хамаарч өөр өөрийн онцлог ялгаатай байна. Манай улс нь өндөр уулын, уулын тайгын бүслүүр болон ойт хээрийн, хээрийн, говь, цөл, бүсүүдтэй тул тус бүрд тохирсон ургамал, амьтны аймаг бүрэлдэн тогтсон байдаг.

Газар нутаг нь далай тэнгисээс ихээхэн алслагдсан, эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд агаарын орчин нөхцөл богино хугацаанд хувирч өөрчлөгддөг онцлог манай оронд илэрнэ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт явагдах үндсэн суурь нөхцөлүүдийн нэг болно.

Энэхүү бүлэгт Монгол Улсын байгалийн нөхцөл, нөөцтэй холбоотой жижиг масштабын 62 зураг багтана. Энэ бүлгээс манай орны газрын гадарга, геологи, ашигт малтмал, эртний амьтан, ургамал, уур амьсгал, ус, хөрс, ургамалжил, амьтны аймаг, байгальтай холбоотой сэдвүүдийн талаарх мэдээллүүдийг нэгтэн авах боломжтой.