Бүлэг:Хүн ам, нийгэм

Монгол Улсын хүн ам 1918 онд 647.5 мянга байсан бол 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая болжээ. Хүн амын томоохон өсөлт нь 1960-1970-аад оны хооронд явагдаж, тухайн үед жилийн дундаж өсөлтийн коэффициент 3.0 хувьд дөхөж, хүн ам 25 хүрэхгүй жилийн дотор 2 дахин өссөн байна. Энэ он жилүүдэд эрүүл мэнд, боловсролд ихээхэн ахиц дэвшил гарч, эмнэлгийн үйлчилгээ илүү хүрэлцээтэй болсон нь хүн амын өсөлтөд гол нөлөө үзүүлсэн юм. Харин 1990 онд өрнөсөн нийгмийн шилжилтийн дараа өсөлтийн коэффициент буурсан ч хүн амын тоо 2010 онд 2.75 сая, 2015 онд 3 сая, 2025 оны эхний улирлын байдлаар энэ тоо 3.6 сая тус тус болоод байна. Хүн амын өсөлтийн хандлага сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа бөгөөд 2024 оны байдлаар өсөлтийн түвшин 1.1 хувьтай гарсан байдаг.
Дийлэнх нь монгол үндэстэн, цөөн тооны казах болон бусад үндэстэн оршин суудаг манай улсын хувьд хүн амын нутагшилт, суурьшил нь хот ба хөдөө гэж хоёр хуваагдана. Хүн амын хотод эзлэх хувь 1970 онд 44 хувь, 1990 онд 57 хувь, 2010 онд 67.9 хувь хүрээд байсан бол өнөөгийн байдлаар нийт хүн амын 71 хувь орчим нь хот суурин газарт суурьшиж байна. Монгол Улсыг дэлхий дахинаа залуучуудын эх орон хэмээн нэрлэдэг бa одоо манай хүн амын 38.8 хувийг 19 хүртэлх насныхан, 44.7 хувийг 24 хүртэлх насныхан, 58.5 хувийг 34 хүртэлх насныхан тус тус эзэлж байгаа нь үүний нотолгоо юм. Манай залуу үе эрт дээрээс эрдэм, мэдлэгийг дээдэлсээр ирсэн эцэг өвгөдийнхөө сайхан уламжлалыг мөрдлөг болгон, сурч боловсроход ихээхэн анхаардаг. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг 145.200 суралцагч төгссөнөөс, ерөнхий боловсролын сургуулийг 99.100 сурагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 18.500 суралцагч, их, дээд сургууль, коллежийг 27.600 оюутан тус тус төгсжээ.
Монголчууд нь баялаг их түүхтэй, өв соёлоороо дэлхийд гайхагддаг улс юм. Манай орны чулуун зэвсгийн болон энеолит, хүрлийн үеийн дурсгалууд нь хүн төрөлхтний эртний түүхийн үнэт өвд зүй ёсоор тооцогддог. Энэ нь Монголын нутагт эрт үеэс хүмүүс аж ахуй эрхлэн, ан гөрөө хийж, багаж, зэвсэг хэрэглэл хийж байснаар гэрчлэгдэнэ.
Эртний бичиг үсгийн дурсгалууд нь Монголчуудын түүх, соёл, хэл бичгийн хөгжилд чухал үүрэгтэй үнэт өв юм. Эдгээр дурсгалууд нь олон зуун жилийн өмнөх монголчуудын оюуны соёл, харилцаа холбоо, түүхэн бодит байдлыг бидэнд уламжлуулсан байдгаас гадна, тухайн цаг үеийн нийгэм, улс төр, соёлын нөхцөл байдлыг гэрчлэх чухал эх сурвалж болдог.
Хүннүгийн үеэс дундад зуун, түүний дараах үеийн булш, оршуулгын дурсгалууд нь Монгол нутагт оршиж байсан улс гүрнүүдийн түүх, соёл, зан заншлыг судлахад чухал түүхэн эх сурвалжуудад тооцогдог. Эдгээрээс гарч ирсэн эд өлгийн зүйлс, бүтэц зохион байгуулалт нь тухайн үеийн нийгмийн бүтэц, зан үйл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, гар урлалын онцлогийг тусгасан онцлогтой.
Тус бүлэгт Монгол Улсын хүн ам, нийгэм, түүх, соёлын дурсгалтай газруудтай холбоотой 23 зураг багтана. Эдгээр зургуудтай танилцсанаар манай орны хүн ам зүй, шилжих хөдөлгөөн, хот, тосгоны ангилал, угсаатны бүрэлдэхүүн, чулуун зэвсгийн үеэс эхлэх түүх, соёлын дурсгалт газруудын талаарх мэдлэг, мэдээллийг авах боломжтой.