Бүлэг:Эртний ба орчин үеийн Монголын нутаг дэвсгэр

Монголын нутаг дэвсгэр нь эрт үеэс Евразийн зүүн хэсэгт орших стратегийн чухал бүс нутаг байсаар ирсэн бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх аугаа соёл иргэншлүүдийн нэгэн өлгий юм. Монгол нутагт 850 000 жилийн тэртээгээс эртний хүн оршин амьдарч байсныг эрдэмтэд археологийн дурсгалаар дамжуулан тогтоосон агаад археологийн дурсгалууд нь хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүний нийгмийн бүхий л үе шатыг хамарч Монголын төдийгүй дэлхийн түүх, соёлын судалгаанд онцгой байр суурь эзэлдэг билээ.
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан анхны төрт улс нь НТӨ 209 оноос НТ 93 он хүртэл оршин тогтносон Хүннү гүрэн билээ. Хүннү нь нүүдэлчдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн дотроос хамгийн удаан хугацаанд оршин тогтносон, төвлөрсөн төрийн байгуулалттай улс байжээ. Хүннүгийн төрийн бүтэц, эд өлгийн зүйлс, археологийн дурсгалууд нь Монголын эртний түүхийг судлахад ихээхэн чухал үүрэгтэй. Хүннү нь умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэм, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойг хүртэлх уудам газар нутгийг эзэлсэн, олон угсаатнаас бүрдсэн эзэнт гүрэн байв. Тэд тэнгэр шүтлэгтэй, нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, алт, мөнгө, хүрлээр гоёл чимэглэл, зэвсэг, хэрэгсэл хийдэг, сайтар зохион байгуулалттай, морин цэрэг давамгайлсан хүчирхэг армитай байжээ. Сүүлийн үеийн археологийн болон палеогенетикийн судалгаагаар хүннүчүүд бол монголчуудын эртний өвөг дээдэс болох нь улам бүр батлагдсаар байна.
Хүннү гүрний дараа монгол нутагт Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Хятан зэрэг улс оршин тогтнож улмаар Чингис хаан Их Монгол улсыг 1206 онд байгуулж, Евразийг хамарсан их эзэнт гүрнийг үндэслэсэн юм. Их Монгол улс дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй эзэнт гүрнүүдийн нэг байсан бөгөөд зүүн талаараа Япон тэнгис, баруун талаараа Төв Европ, умард талаараа Сибирийн тайга, өмнөд талаараа Энэтхэг, Вьетнам, Арабын хойг хүрч байлаа. Тухайн үедээ монголчууд олон улсын худалдааг хөгжүүлж, торгоны замын аюулгүй байдлыг хангаж, олон үндэстний соёл, шашныг хүлээн зөвшөөрч, чөлөөтэй шүтэх эрхийг олгож, улмаар мөнгөний бодлого, татварын шинэ тогтолцоо, өртөөний нэгдсэн сүлжээ зэргийг бий болгожээ.
XIV зууны эцсээр Монголын эзэнт гүрэн задарсан боловч, Монгол нь бүс нутгийн хэмжээний эзэнт гүрний шинжийг хадгалсаар байжээ. Гэвч Монгол улс XVII-XVIII зууны үед харийн түрэмгийлэл, дотоодын задрал хуваагдлын улмаас сулран доройтож Манж Чин гүрний эрхшээлд ээлж дараалан орсон билээ.
XX-XXI зууны Монголын түүх нь улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын олон чухал өөрчлөлт, үйл явдлуудаар баялаг юм. 1911 онд монголчууд Манжийн эрхшээлийг түлхэн унагааж, Богд хаант Монгол улсыг байгуулан, 1921 онд Ардын хувьсгал ялж, улмаар 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар Монгол Улс шинэ нийгэмтэй золгосон юм. Энэ цаг хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь нь олон удаа өөрчлөгдсөн юм. Өнөөдрийн байдлаар манай улс нийт 21 аймаг, 330 сум, 1647 баг, нийслэл Улаанбаатар хот болон 9 дүүрэг, 204 хороотой байна.
Энэхүү бүлэгт чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх үеийн археологийн дурсгалууд, нүүдэлчдийн байршил, Монголын эрт, дундад үеийн улс, аймгуудын хил хязгаар, орчин үеийн засаг захиргааны хуваарийн өөрчлөлтийн талаарх 27 зураг багтана. Эдгээр зургууд нь манай орны түүх, археологи, нийгэм, эдийн засгийг судалдаг болон сонирхдог хэн бүхний мэдлэгийг тэлэхэд хувь нэмэр оруулах боломжтой.